Уянга сумын Жаргалант багийн төвд 10 ортой хүн эмнэлгийн барилгыг орон нутгийн төсвөөс 265.0 сая төгрөгөөр барьж 10 дугаар сарын 29-ний өдөр ашиглалтад оууллаа. Эмнэлгийн барилгыг “ДШЛ” ХХК барьж гүйцэтгэсэн юм.
Эмнэлгийн барилгын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Сэрчмаа, Уянга сумын Засаг дарга П.Баатар, Уянга сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Даваадулам, “ДШЛ” ХХК-ийн захирал Д.Батдорж болон бусад албаны хүмүүс, иргэд олон нийт оролцлоо.
Тус Эрүүл мэндийн төвд их эмч, сувилагч, асрагч, багийн эмч, машинист, үйлчлэгч, тогооч, жолооч зэрэг мэргэжлийн боловсон хүчин бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллах юм.
Жаргалант баг нь аймгийн төвөөс 120 км, сумын төвөөсөө 60 км алсад орших бөгөөд нийт 3.0 мянга орчим хүн амтай, дэд бүтэц, хүн амын хувьд улсдаа тэргүүлэх зэргийн томоохон баг юм. Мөн өдөр Эрүүл мэндийн төвөөс гадна стандартын шаардлагад нийцсэн эмийн сангийн барилга ашиглалтад орсноор Жаргалант нутгийн иргэд тохилог, тав тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах, чанаргүй эм, тарианы золиос болохгүй байх бүрэн боломжтой боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд зориулж Жаргалант нутгийн уугуул иргэдийн дунд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж, 32 хүчтэн зодоглосноос сумын заан А.Батнасан түрүүлж, сумын заан Х.Дашзэвэг үзүүрлэжээ.