Аймгийн Засаг даргын ивээл дор “Залуу багш нарын хөгжлийг дэмжье” зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын газар хамтран өнгөрөгч 7 хоногийн баасан гарагт Арвайхээр хотноо зохион байгууллаа.
Тус зөвлөгөөн нь аймгаас боловсролын салбарт барьж буй бодлого, чиглэлийг залуу багш нарт танилцуулах, тэдний хөгжлийг дэмжих, харилцан туршлага судлуулах зорилгоор зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөний нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд,19 сумыг төлөөлөн 400 гаруй залуу багш оролцлоо.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн залуу багш нарт хандан хэлсэн үгэндээ: “Монголын ирээдүй болсон шинэ иргэнийг бэлтгэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх их үйлсэд амжилт хүсч, боловсролын салбарт боловсон хүчний өрсөлдөөн бий болсон өнөө үед залуу багш нарыг цаг ямагт өөрсдийгөө дайчлан хөгжүүлж, идэвх санаачилгатай ажиллахыг зөвлөлөө”.
Аймгийн хэмжээнд боловсролын салбарт 1200 орчим багш ажиллаж байгаагаас сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын 50 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 65 хувь, удирдах ажилтны 40 хувийг 35 хүртэлх насны багш нар эзэлж байна. Нийт багш нарын 33 хувийг 1-5 жил, 67 хувийг 5-10 жил ажиллаж байгаа залуу боловсон хүчин эзэлж байгаа тоон үзүүлэлт байгаа юм. Түүнчлэн сургууль, бүс, аймаг, улс, олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг олимпиад, уралдаан тэмцээнд амжилт үзүүлж буй нийт багш нарын 50 орчим хувийг залуу багш нар болон тэдний бэлтгэсэн шавь нар үзүүлж байна.
Залуу багш нарын зөвлөгөөнийг анх аймгийн Засаг даргын санаачилгаар 2008 онд зохион байгуулж байсан ба өдгөө 3 дахь удаагаа зөвлөлдөж байна.
Мөн зөвлөгөөний нээлтийн арга хэмжээний үеэр тэргүүний залуу багш нарыг шагнаж урамшууллаа.