Сар бүрийн эхний өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж өнгөрөгч сард аймаг, орон нутагт хийгдсэн болоод ирэх сард хийхээр төлөвлөж буй ажлууд, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн, цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгдөг уламжлалтай.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд өнгөрөгч 10 дугаар сарыг хяналт шалгалтын чиглэлээр тухайлан ажилласан сар байсныг онцоллоо. Тодруулбал 2015 онд хийж хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-аас баталсан тогтоол шийдвэрийн хэрэгжилт, ОНХС-ийн хөрөнгө оруулалтын ажлын явц, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын явц, уул уурхайн нөхөн сэргээлт, автозамын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын явц үр дүнг хянаж шалгахаар 4 ажлын хэсэг байгуулагдаж сумдад очиж ажиллажээ. Тус ажлын хэсгийн дүнг ирэх пүрэв гарагт хуралдах аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх юм байна.
ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудын чанар, үр дүнд онцгойлон анхаарч хяналт шалгалт хийж байгааг хэллээ. Энэ жилийн хувьд автозамын сан, улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж байгаа автозамын ажлуудыг урд жилүүдтэй харьцуулахад ахиц дэвшил гарсан үр дүнтэй ажил болсныг ажлын хэсгийнхэн болоод замын ажлыг хүлээж авахад улсын комисст ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд хэлжээ. Өнгөрсөн жилүүдэд баригдсан зарим замуудад чанарын асуудал яригдсан энэ жилийн хувьд мэргэжлийн боловсон хүчин, мэргэжлийн багаж хэрэгсэлтэй хяналтын байгууллага тендерт шалгаран замын ажлыг эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд хяналт тавьж ажилласнаар чанартай бүтээн байгуулалт болсон хэмээн дүгнэж байгаа ажээ.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахад аймгийн зүгээс онцгойлон анхаарч ажиллаж байгаа гэв. Өнөөдрийн байдлаар манай аймагт 9244 хот айлд 4.5 сая толгой мал өвөлжихөөр бэлтгэл ажил хийгдэж байна. Булган, Төв, Архангай аймгийн нутагт 158 өрхийн 98.0 мянган мал өвөлжинө. Харин өөрийн аймагт сумд хооронд 792 өрхийн 290.5 мянган толгой мал оторлоно. Аймаг дундын отрын бүс нутаг болох Дашинчилэнгийн зэрэг нутгуудад газрын гарц тааруу учир зүүн талын сумдын адууг Төгрөг, Баянгол, Сант сумдын урд тал, Баруун талын сумдын зарим адууг Гучин-Ус, Баруунбаян-Улаан сумдын зааг нутгууд буюу аймгийн отрын бүс нутгуудаар өвөлжүүлэх тооцоо гаргаад байна хэмээв. Аймгийн хэмжээнд Засгийн газрын тогтоолоор бэлтгэх ёстой өвс тэжээлийн 88 хувийг бэлтгэжээ. Аймаг, сумын аюулгүй нөөцөд 1454 тн өвс, 376 тн тэжээл бэлгэсэн байна. Ургац хураалтын хувьд 2015 онд газар тариалангийн салбарт тавьсан зорилтоо биелүүлж хангалттай хэмжээний ургац хурааж авсныг онцлов. Түүнчлэн аймгийн хэмжээнд 2015 онд 18.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнээс Барилга, хот байгуулалтын салбарт 12.8 тэрбум, автозамын салбарт 4.2 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 690.6 сая төгрөг, их засварын ажлуудад 503.0 сая төгрөгний хөрөнгө оруулалт тус тус хийгджээ. Нийт ажлын 95 хувь нь ашиглалтад орсөн бөгөөд Арвайхээр сумын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа ажээ. Улсын төсвөөс хийгдэж байгаа ажлуудаас 3 ажил он дамжиж хийгдэнэ гэлээ. Үүнд Уянга сумын Соёлын төв, Арвайхээр сумын 928 хүүхдийн сургууль, Хархорин сумын Спортын ордон он дамжих ажээ. 11 дүгээр сарын 5-ны өдөр Бүрд сумын эмнэлэг ашиглалтад орох бол халдвартын эмнэлэг 11 дүгээр сардаа багтаж ашиглалтад орно хэмээн аймгийн Засаг дарга мэдээлэв.