• Албан ёсны цахим хуудас
Шинээр баригдсан “Халдварт, сүрьеэгийн эмнэлэг”-ийг ашиглалтад оруулснаар иргэд тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нээгдэж байна

Өнөөдөр /2015.11.04/ Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн “Халдварт, сүрьеэгийн эмнэлэг” ашиглалтад орж Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал тохиолоо. Тус эмнэлгийн зураг төсвийг 2013 онд гаргаж барилгын ажлыг 2014 оны 9 дүгээр сараас эхэлсэн юм. Эмнэлгийн барилгыг "Big Mongolia building" ХХК улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж гүйцэтгэлээ.


Эмнэлгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, БОЭТ-ийн удирдлагууд, эмч ажиллагсдын төлөөлөл оролцлоо.


Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ: “Энэхүү эмнэлгийн барилга ашиглалтад орсноор БОЭТ орчин үеийн стандартын шаардлага хангасан барилга байгууламжуудаар бүрэн хангагдаж байна. 2000 онд манай эмнэлэг Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд үйл ажиллагаагаа явуулдаг байсныг ахмад эмч нар санаж байгаа байх. Түүнээс хойш 2001 онд том эмнэлгийн барилга, 2013 онд Эх, хүүхдийн клиник, 2015 онд “Халдварт, сүрьеэгийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж байна. Үүний үр дүнд чанарын шаардлага хангасан, эмнэлгийн зориулалтын байртай болж чадаж байна. Харин одоо эрүүл мэндийн салбарынхан маань үйлчлүүлэгчтэйгээ харилцах үйлчилгээ, ур чадвар, оношилгоо, эмчилгээгээ сайжруулж шаардлагатай байна” гэв.
Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор эмч, ажилтнуудын ажиллах нөхцөл сайжирч, иргэд тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нээгдэж байгаа юм.

2015-11-04 10:58:37