• Албан ёсны цахим хуудас
Бүрд сумын иргэд орчин үеийн чанарын шаардлага хангасан Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх боломж бүрдлээ

Энэ сард Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын түүхийн хуудсанд мөрөө үлдээсэн баярт үйл явдлууд тохиосоор байна. Тодруулбал Уянга сумын Жаргалант багт 10 ортой Эрүүл мэндийн төв, Арвайхээр хотод БОЭТ-ийн “Халдварт, сүрьеэгийн эмнэлэг шинээр баригдаж нээлтээ хийсэн. Харин өнөөдөр Бүрд сумын 13 ортой Эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа.
Эрүүл мэндийн төвийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбаяр, сумын удирдлагууд, Эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсад, иргэд, олон нийт оролцлоо.


Эмнэлгийн барилгыг улсын төсвийн 800.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цагаан бургалдай” ХХК барьж гүйцэтгэсэн юм. Энэхүү барилга нь төрөх, хүүхэд, халдвартын зориулалтын нийт 13 ортой, орчин үеийн чанарын шаардлагад нийцсэн Эрүүл мэндийн төв болжээ.
 Бүрд сум нь аймгийн төвөөс 136 км зайд орших бөгөөд тус сумын иргэд ая тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Бүрд сумын Эрүүл мэндийн төвд жилд 30 орчим эх амарждаг статистик тоо байна. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор энэ тоо нэмэгдэх боломжтой хэмээн сумын эмч, мэргэжилтнүүд хэлж байв.

2015-11-05 10:19:31