• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн БОЭТ-д ажиллалаа

Өнгөрөгч баасан гарагт аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн БОЭТ-д ажиллаж, тус төвийн удирдлагууд, тасгийн дарга, эрхлэгч, эмч нарын төлөөлөлтэй уулзаж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Тодруулбал Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд БОЭТ-ийн эмч нарын харилцаа хандлага, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гомдол, санал нэлээдгүй ирэх болсон.

Тэгвэл эмч нарын зүгээс иргэдийн бухимдал үүдэх болсон шалтгааныг хүний нөөцийн дутагдал, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж, өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын ихэнх нь тэтгэвэртээ гарч залуу эмч нар ажиллаж эхэлснээр иргэдээ үзэхгүй байх, буруу оношилсноор өвчтөн хүндэрсэн хойноо буюу хугацаа алдаж нарийн мэргэжлийн эмчид хандах, иргэдийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүйгээс үүсч байна хэмээн тайлбарлаж байв.


Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ: “Эрүүл мэндийн салбар яаманд харьяалагддаг учир орон нутгийн зүгээс хүний нөөцийн асуудал, тоног төхөөрөмжийг  шийдвэрлэх боломж байдаггүй. Гэхдээ иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлыг төр хямралтай байсан ч анзаарахгүй өнгөрч болохгүй. Иймд БОЭТ-д нэн тэргүүнд шаардлагатай байгаа төнөг төхөөрөмжүүдийн санхүүгийн асуудлыг оноос өмнө, заримыг нь он гараад бага ч гэсэн шийдвэрлэнэ хэмээв. Эрүүл мэнд, спортын яамнаас БОЭТ-д шинээр 8 орон тоо нэмэх зөвшөөрлийг олгожээ. Дээрх 8 орон тоог хамгийн ачаалалтай байгаа тасгуудад ажлын туршлага, ур чадвартай эмч нарыг сонгон шалгаруулж ажиллуулахыг БОЭТ-ийн дарга Ц.Анхтуяад даалгалаа. Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн газрын дарга Ч.Сэрчмаад үүрэг болгов. Эмч нарын харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой асуудалд дотоод хяналтын албыг бүтцээрээ дамжуулан арга хэмжээ авч ажиллахыг санууллаа. Төгсгөлд нь аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн БОЭТ-ийн эмч нарыг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй эрүүл мэндийн үзлэгийг 18 сум, Арвайхээр хотын 11 багт нойр хоолоо хасч, сэтгэл зүтгэл гарган сайн ажилласан хэмээн сайшаалаа.


Тус уулзалтын дараагаар БОЭТ-д хийгдсэн өргөтгөл, шинэчлэлийн ажил болон Наркологийн тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

2015-11-19 11:12:35