Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Залуу малчдын аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулахаар тусгагдсаны дагуу тус зөвлөгөөн энэ сарын 16-ны өдөр болж өнгөрлөө. Зөвлөгөөнд нийт 400 гаруй залуу малчин оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ: “Мал аж ахуй бол Өвөрхангай аймгийн эдийн засгийн үндсэн салбар юм. Манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 53 хувийг тус салбар үйлдвэрлэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улс уул уурхай, барилгын салбарт анхаарлаа хандуулаад үндсэн салбар болох мал аж ахуй түүний боловсон хүчний бодлогын асуудал орхигдоод байгаа юм. Залуу малчдыг бэлтгэх, тэднийг чадваржуулах асуудал үндсэндээ төр засгийн бодлогын гадна орхигдоод байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар анги төгсөгчдийн дунд аваад үзэхэд 50 залуу мал аж ахуйн салбарт ажиллажээ. Иймд аймгийн хэмжээнд залуу малчид бэлтгэдэг хөтөлбөр бий болгох зорилгоор энэ удаагийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. “Залуу малчдыг дэмжих хөтөлбөр” боловсруулан аймгийн хөтөлбөрийг залуу малчдаар хэлэлцүүлэн та бүгдийн саналыг тусган аймгийн ИТХ-аар батлуулах юм. Ингэснээр аймгийн хэмжээнд залуу малдыг хэрхэн дэмжих, хойч үеийг яаж бэлтгэх үү гэсэн үндсэн хөтөлбөр гарна” гэлээ.
Тус зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран зохион байгуулсан юм.