Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газраас аймаг, орон нутаг, иргэдийнхээ өмнө нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлон жил бүрийг зорилтот жил болгон зарлаж ажилладаг. Энэ хүрээнд 2016 онд хэрэгжүүлэх зорилтот жилийн саналыг аймгийн хэмжээнд иргэд, олон нийтийн дунд саналын хайрцаг, цахим хуудас, телевизийн шууд нэвтрүүлэг, иргэдийг өөрийн биеэр хүлээн авах хэлбэрээр зохион байгууллаа. Иргэдээс нийт 19445 санал ирсний дийлэнх нь “Залуучуудыг дэмжих жил” болгон ажиллах саналыг дэвшүүлсэн байна. Залуучуудын өмнө ажлын байрны хомсдол, тогтвортой орлогын эх үүсвэргүй байдал, эрүүл мэндийн асуудал, нийгмийн амьдралд оролцох идэвх сул, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс, боловсрол, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх нөхцөл хязгаарлагдмал, архидалт, гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр зэрэг асуудлууд тулгамдаж байгаа юм. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх, бодлого шийдвэртээ тусган ажиллах зорилгоор 2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгох тухай саналыг ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.