Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны эхний гурван жил ард хоцорлоо. Энэ хугацаанд үйл ажиллагааны тань үндсэн баримт бичиг болох “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрийн зорилтууд хэр амжилттай хэрэгжиж байна вэ? Төлөвлөсөн хэмжээндээ биелж чадаж байна уу?
2012 онд дэвшүүлсэн "Бүтээлч Өвөрхангай" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн биелэлтийг тоон байдлаар тооцон үзэхэд гурван жилийн байдлаар нийт 153 зорилт арга хэмжээний 42 нь 100 хувийн биелэлттэй, 85 нь 90 хувийн биелэлттэй, 20 нь 70 хувийн биелэлттэй, 30-50 хувийн биелэлттэй 6 зорилт байна. Нийт дүнгээрээ 86.8 хувийн биелэлттэй байна. Тавигдсан зорилтууд төлөвлөсөн хэмжээндээ хэрэгжиж байна. 2016 онд үлдэж буй зорилтуудаа ханган биелүүлэхээр төлөвлөж байна. Сүүлийн гурван жил аймгийн санхүү, эдийн засгийн байдал тогтвортой, байгаль цаг уурын нөхцөл таатай байсан нь хөтөлбөрийн биелэлтэд эерэг нөлөө үзүүлсэн.
Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутгийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйд бодитой хувь нэмэр оруулж, ахиц дэвшил гаргасан томоохон ажлуудаасаа дурдах нь зүйтэй болов уу?
Сүүлийн гурван жилд дэд бүтцийн салбарт томоохон ахиц дэвшил гарлаа. Арвайхээр, Хархорин сумын дотор 10 гаруй километр авто замыг явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт барьж байгууллаа. Арвайхээр, Хархорин, Богд, Сант, Баянгол сумдад инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг хийж дуусгаснаар 1200 орчим айлын орон сууц шинээр баригдаж, иргэд нутагтаа ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүллээ. Махны, ноосны, барилгын материалын томоохон үйлдвэрүүд бий болж, орон нутгийн төдийгүй бүс нутгийн хэрэгцээг хангаж байна. Аймгийн эдийн засгийг ойрын 20 жилд хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсрууллаа. Орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар дээшиллээ. Аймаг хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр өөрийгөө хангах том зорилт тавин ажиллаж байна. Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Арвайхээр, Уянга, Бат-Өлзий, Гучин-Ус, Есөнзүйл сумдад ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Хархорин суманд дотуур байр, Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Гучин-Ус сумдад цэцэрлэгийн барилга, аймгийн БОЭТ-ийн төрөх эмэгтэйчүүд-хүүхдийн, Халдвартын эмнэлгүүд, Бүрд сумын хүн эмнэлгийн барилга, Уянга сумын Жаргалант багт хүн эмнэлгийн барилга, Хайрхандулаан, Есөнзүйл, Уянга сумдад Соёлын төвийн барилга, Нарийнтээл, Хархорин сумдад Спортын ордны барилгуудыг шинээр барьж байгууллаа. Дээрх томоохон ажлаас гадна манай иргэдийн сэтгэлгээ, хандлагад эерэг өөрчлөлт гарч, аж ахуйн нэгжүүдийн чадамж сайжирсан нь хамгийн том ололт амжилт юм.
Аливаа зүйлийг хийж бүтээхэд нэн тэргүүнд шаардагдах хэрэгцээ нь яахын аргагүй хөрөнгө мөнгөний асуудал байдаг. Сүүлийн 2 жилд улс оронд тулгамдаад байгаа эдийн засгийн хямрал аймгийн ажлаас хойш татаж байна уу? Энэ асуудлыг аймгийн Засаг даргынхаа хувьд хэрхэн шийдэж ажиллаж байна вэ?
Эдийн засгийн хямрал нөлөөлж байна. Аж ахуйн нэгжүүдийн орлого, бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс буурлаа. Эдийн засгийн хямралаас шалтгаалж төлөвлөсөн хөрөнгө оруулалтууд тасарч байна. Тухайлбал Бат-Өлзий сумын Соёлын төв, Хархорин сумын 640 хүүхдийн хичээлийн байр баригдаж чадсангүй. Харин аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө даван биелж, орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байна.
2015 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлаж ажиллалаа. Зорилтот жилийн үр дүнд эрүүл мэндийн салбарт гарсан ахиц, дэвшил хийгээд цаашид анхаарах асуудлын талаар хуваалцахгүй юу?
"Эрүүл мэндийг дэмжих жил" -ийн хүрээнд гурван гол асуудалд анхаарлаа хандууллаа. Нэгдүгээрт:Аймгийнхаа нийт иргэдийг эрүүл мэндийн анхан болон нарийн мэргэжлийн үзлэгт хамрууллаа. Нийт анхан шатны үзлэгт 70.0 гаруй мянган иргэн, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт 10.0 гаруй мянган иргэн хамрагдсан байна. Дээрх үзлэгийн үр дүнд БОЭТ-ийн ачаалал эрс буурч, халдварт бус өвчний эрт илрүүлэлт нэмэгдэж, Улаанбаатар явж үзлэг, шинжилгээнд ордог иргэдийн тоо буурсан байна. Хоёрдугаарт:Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад ихээхэн анхаарч, сургалт, сурталчилгааг зохион байгууллаа. Гуравдугаарт:Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарлаа. Тухайлбал БОЭТ-ийн Халдвартын эмнэлэг, Бүрд сумын хүн эмнэлэг, Уянга сумын Жаргалант багийн эмнэлгийн барилга шинээр баригдлаа. БОЭТ-ийн яаралтай тусламж, амбулотори, зарим тасгуудад их засвар хийгдлээ.
Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний түүхт 380 жилийн ойг Монголчууд өргөн дэлгэр, бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ том ажлын зохион байгуулалтыг аймаг нуруундаа үүрсний хувьд ойн хүрээнд хийгдсэн ажлын үр дүнгээс ярихгүй юу?
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүллээ. Зарим томоохон ажлаас дурдвал "Өндөр гэгээн Занабазар: амьдрал, өв" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар, Будапешт хотуудад зохион байгуулж, Өндөр гэгээний байгуулсан гавьяаг улс төр нийгмийн зүтгэлтэн, шашин номын зүтгэлтэн, соёл урлагийн зүтгэлтэн, байгаль орчныг хамгаалагч байсан гэдгээр нь илүү томруун харуулахыг хичээлээ. Өмнө нь Өндөр гэгээнийг шашин ном, урлаг соёлын зүтгэлтэн гэдгээр нь харуулдаг байсан. Энэ удаа улс төр, нийгмийн зүтгэлтэн гэдгийг тод харуулахыг бодсон юм. Өндөр гэгээний явуулж байсан улс төр, дипломатын ухаалаг арга Монголын тусгаар тогтнолыг авч гарсан. Мөн Өндөр гэгээний тухай түүхэн баримтат кино бүтээлээ. Түүний төрсөн нутагт гэрэлт хөшөө босгож, Өвгөн суварга, Цогчин дуганыг засварлалаа. Өндөр гэгээн Г.Занабазарын зохиосон "Соёмбо" үсгээр төрийн дууллыг бичиж, түүний хосгүй үнэт бүтээлүүдийн дээжсээр зурагт альбом гаргалаа. Хархорин суманд ойд зориулсан Баторшил өргөх Даншиг наадмыг өргөн дэлгэр зохион байгууллаа.
Улсын хэмжээнд ажил үйлсээрээ тэргүүлэх хэмжээнд аймгаа амжилттай удирдахын зэрэгцээ олон төрлийн хурал зөвлөгөөн, уулзалт, арга хэмжээнд цаг заваа зарцуулдаг энэ бүгдийг хэрхэн зохицуулж үр дүнтэй ажиллаж байна вэ? Та өөрийн баримталдаг зарчим, арга барилаасаа хуваалцахгүй юу?
Миний ажилд амжилт байвал тэр нь манай төрийн албан хаагчид, сумдын удирдлага, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны үр дүн. Энэ олон ажлуудыг яаж зохицуулж байна вэ? гэж асууж байна. Өдрийн цаг төлөвлөлтөө сайн хийгээд, цагийн ажлыг цагт нь амжуулаад л байвал болно шүү дээ. Миний ажилдаа баримталдаг зарчим бол ажлыг, асуудлыг хойш тавьж болохгүй. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ тухайн асуудлыг уг үндсээр нь авч үзэхийг хичээдэг. Аливаа асуудлыг шударга, иргэдийн эрх ашгийг дээгүүр тавьж шийдэхийг хичээдэг. Энэ л миний баримталдаг зарчим даа.
Орон нутгийн удирдлагаар 10 гаруй жил ажиллахад таны санааг хамгийн ихээр зовоож буй асуудал юу байна вэ?
Миний санааг зовоож байдаг хоёр асуудал байна. Нэгдүгээрт:Ажилгүй иргэдийг яаж ажилтай болгох вэ? гэдэг асуудал. Ажилгүй иргэн олон байна. Хоёрдугаарт:Иргэдийнхээ сэтгэлгээ хандлагыг өөрчлөх асуудал байна.
Та цаг гаргаж иргэдээ хүлээж авч уулздаг. Иргэд маань ихэвчлэн ямар асуудлыг гаргаж тавьдаг вэ?
Би цагийн хуваариар долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад үдээс хойш 14:00-18:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авдаг. Бусад өдрүүдэд цаг гарах л юм бол иргэдийг хүлээж авдаг. Иргэдийн надад ханддаг гол асуудал байнгын ажлын байртай болох, хөрөнгө санхүүгийн тусламж, дэмжлэг хүсэх нь их байна. Тэр бүгдийг шийдвэрлэх нь хүндрэлтэй байдаг.
Сүүлийн жилүүдэд орон нутгийн залуучууд эвлэлдэн нэгдэж холбоо, клуб байгуулан нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байна. Таны хувьд тэднийг хэрхэн дэмжиж хамтарч ажилладаг вэ?
Аймгийн хэмжээнд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллага байна. Залуучууд эвлэлдэн нэгдэж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулъя гэж хандаж байгаа нь сайшаалтай. Манай аймгийн хүн амын 40 хувь нь 18-35 насны залуучууд байна. Залуучуудын өмнө тулгамдаж буй олон асуудал бий. Тухайлбал ажлын байрны асуудал. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн олонхи нь залуучууд байна. Залуучуудын эрүүл мэндийн асуудал, гэр бүл салалтын асуудал, архидалтын асуудал гэмт хэрэгт холбогдож байгаа асуудал. Бүгд тулгамдсан асуудал. Залуучуудын эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болох болов уу? гэдэг үүднээс ирж буй 2016 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгохоор төлөвлөж байна.
Нутгийн зон олондоо хандаж үг хэлэх боломжийг танд үлдээе.
Аймгийн ард иргэд та бид хамтаараа аймаг, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Үүнд иргэн бүрийн оролцоо, дэмжлэг чухал. Улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямрал хүн бүрийн амьдрал ахуйд нөлөөж байна. Энэхүү хямралыг даван туулахад иргэдийн ухаалаг шийдвэр хэрэглээгээ хязгаарлах чадвар, хүлээцтэй байх ухаан, тэвчиж болох зардлуудаа тэвчих нь юу юунаас илүү хэрэгтэй гэдгийг хэлье.