Энэ сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улсын сайн малчин, Улсын тэргүүний фермер, Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын тэргүүний тариаланчдыг шалгарууллаа. Өвөрхангай аймгаас Улсын сайн малчин 9, Улсын тэргүүний тариаланч 1 шалгарсан байна. Тодруулбал Тарагт сумын 2 дугаар багийн малчин Даваасүрэнгийн Содном-Иш, Сант сумын 2 дугаар багийн малчин Тогоочийн Гандэлгэр, Хужирт сумын 3 дугаар багийн малчин Алтангэрэлийн Лувсанчүлтэм, Бүрд сумын 3 дугаар багийн малчин Шаалаагийн Лувсаншарав, Уянга сумын 5 дугаар багийн малчин Цэрэндоржийн Гончигдорж, Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн малчин Лувсандашийн Даваадаш, Хархорин сумын 6 дугаар багийн малчин Эмээлийн Бямбасүрэн, Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Пүрэвийн Мөнхөө, Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Доржсүрэнгийн Суурь нар Улсын сайн малчнаар, Хархорин сумын ногоочин Сүхсүрэнгийн Жамъянсүрэн Улсын тэргүүний тариаланчаар тус тус тодорчээ.
Энэ онд 21 аймаг, нийслэлээс 140 малчин, тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмын харгалзах 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг Улсын сайн малчнаар шалгаруулсан байна. Эдгээр малчид нь удам залгасан сайн малчид төдийгүй мал сүргээ төлөөр нь өсгөж, эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажилласан 33-75 хүртлэх насны хүмүүс ажээ.
Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлжээ. Өвөрхангай аймгийн хувьд аймгийн эдийн засгийн гол салбар болсон мал сүрэг өмнөх оноос 400.0 мянга орчим толгойгоор өсч 4.5 сая гаруй толгой малтай болж, мал сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлсэн билээ.