Өврийн сайхан хангай нутгийн зон олон Та бүхэндээ айлчлан ирж буй “Нүүр муут” хэмээх гал бичин жилийн мэндийг айлтган мэндчилье. Улиран өнгөрч буй 2015 онд Өвөрхангайчууд та бидний ажил үйлс өөдрөг, сэтгэл тэнүүн, байгаль дэлхий ивээлээ хайрласан буянтай сайхан жил байлаа.
Энэ онд аймгийн эдийн засгийн гол салбар болсон мал сүрэг өмнөх оноос 400.0 мянга орчим толгойгоор өсч 4.5 сая гаруй толгой малтай болж, мал сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлж, гал бичин жилийн босгон дээр манай малчдын дундаас улсын сайн малчин 9, улсын тэргүүний тариаланч 1, аймгийн сайн малчин 49 төрөн гарсан амжилтаар сар шинэтэйгээ золгож байна.
Өнгөрч буй модон хонь жилд аймгийн эдийн засгийн өсөлт 10.0 гаруй хувьд хүрч, 40.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, аймаг, сумдын өнгө зүс өөрчлөгдөн шинэчлэгдэж, аймаг маань ажил үйлсээрээ улсдаа манлайлж, иргэдийн сэтгэлгээ хандлагад томоохон өөрчлөлт гарсан он байлаа.
Мөн Монголын төр, нийгэм, шашин соёлын нэрт зүтгэлтэн, анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн арга хэмжээг улсын хэмжээнд жилийн турш зохион байгуулж, Өндөр гэгээний бүтээл, сургаал, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахад оруулсан их хувь нэмрийг хойч үед өвлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой жил байлаа.
Ирж буй 2016 оныг аймгийн хэмжээнд иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон, энэ хүрээнд залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг хамтаараа шийдвэрлэхэд томоохон дэвшил авчирсан жил байх болтугай.
Та бүхэн айлчлан ирж буй гал бичин жилдээ эрүүл энх байж, сайн үйлс бүхэн дэлгэрч, эд малын гарлага үгүй, элдэв хилэнц үгүй, хүн бүхэнд аз жаргал, ололт амжилт гийсэн, орлого ашиг арвинтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.