Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд, эмч мэргэжилтний зүгээс эцэг, эхчүүд, асран хамгаалагчдад хандаж бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг, эх, асран халамжлагчдад эрүүл мэндийн байгууллагагаас анхааруулж байгаа юм. Томуу томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд бага насны хүүхдэд уушигны хатгалгаа, менингит зэрэг үгдрэл хүндрэл өгч болзошгүй байдаг. Томуу томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх зэрэг шинжээр илэрдэг.
Бага насны хүүхдийг томуу томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
- Хүүхдийн дархлааг дэмжих: Нярай хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох, витаминлаг, илчлэг нь тохирсон, чанарлаг хоол, нэмэлт тэжээлээр хангах
- Сармис, аарц, чацаргана, аньсны шүүс зэрэг С витаминаар баялаг хоол хүнсийг хэрэглэх
- Хүүхдийг улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах
- Гэртээ цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх. Хүүхдийг хотоос зайдуу, цэвэр агаарт гаргах
Хэрэв таны хүүхэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол:
- Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөний дагуу эм бэлдмэлийг хэрэглэх. Дур мэдэн антибиотик өгөхөөс зайлсхийх
- Өвчний шинж тэмдэг илэрмэгц цэцэрлэг, сургуульд нь явуулахгүйгээр гэрт нь тусгаарлан эмчлэх, дулаан байлгах
- Амны хаалт зүүлгэх
- Халуун аарц, сармистай шөл, цагаан гаатай халуун сүү зэргийг хэрэглэх, бүлээн шингэн зүйл ихээр уулгах
- Хүүхдийн аяга, халбагыг тусгаарлах, хэрэглэж байгаа тоглоом, хөтөвч, хувцас, хамрын болон гар нүүрний алчуур зэргийг сайтар угааж цэвэрлэх, содын уусмалаар ариутгах, даавуу эдлэлийг халуун индүүгээр индүүдэх
- Гараа сайтар угаах.