Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох мэргэшлийн шалгалтыг өнгөрөгч 2015 онд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2 удаа зохион байгуулжээ. Нийт 85 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, 370 гаруй иргэн хамрагдснаас 86 иргэн тэнцэж төрийн албанд анх орох нөөцөд бүртгэгдсэн байна. Үүнээс 37 иргэн төрийн жинхэнэ албанд нэр дэвшиж томилогджээ. “Монгол улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг ёс төртээгэйр өргөнө” хэмээн Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-д заасан байдаг.
Тус журмын дагуу төрийн захиргааны албанд томилогдсон албан хаагчдын тангараг өргөх ёслолыг зохион байгуулж, төрийн жинхэнэ албанд анх томилогдсон иргэд тангараг өргөлөө. Тэрээр Эх орон ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж, төрийн хууль ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглаж, Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээхээ амлав.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн тангараг өргөж буй албан хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ ур чадвараа дайчлан, мэдлэг оюунаа үргэлж дээшлүүлж ажиллахыг хүслээ. Сүүлийн жилүүдэд дээд боловсролтой ажилгүй иргэдийн тоо өсч, төрийн албанд ажиллах иргэдийн хүсэл эрмэлзлэл нэмэгдэж буйг онцлоод өрсөлдөөнтэй энэ цаг үед эрхэлсэн ажилдаа эзэн нь болж тууштай, хариуцлагатай, үнэнч шударга ажиллахыг захив.