“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөнд залуучуудын саналыг үндэслэн тэдний чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор 7 хоног бүрийн лхагва гарагт 18:00-23:00 цагийн хооронд залуучуудыг спорт заалуудаар үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр тусгасан. Өнөөдөр /2015.03.02/ аймгийн Засаг дарга, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах аймгийн хорооны дарга Д.Тогтохсүрэн Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулж буй спорт заалтай 5 сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Спортын ордон, Хуримын ордон, Хүүхдийн ордоны удирдлагуудтай уулзаж дээрх хүсэлтийг тавьсан юм. Байгууллагуудын удирдлагууд зорилтот жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан уг саналыг нааштайгаар хүлээн авлаа.
Ийнхүү “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд залуучууд маань 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн бүтэн жилийн турш 7 хоног бүрийн лхагва гарагт 18:00-23:00 цагийн хооронд хүссэн зааландаа найз нөхөд, хамт олноороо үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж нээгдэв. Тодруулбал спорт заалуудад сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шагайн харваа зэрэг спортын төрлүүдээр хичээллэхээс гадна Спортын ордонд фитнессээр хичээллэх боломжтой юм. Түүнчлэн Хуримын ордон, Хүүхдийн ордонд нийтийн бүжиг, соёл урлагийн бусад арга хэмжээг зохион байгуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдлээ.
Ихэнх заалууд сургуулийн орчинд байрлаж байгаа учир жилийн ажлыг зохион байгуулах аймгийн хороо болон сургуулиудын удирдлагийн зүгээс залуучууддаа хандаж соёлтой үйлчлүүлэхийг анхааруулж байна. Тухайлбал зориулалтын биен тамирын хувцастай байх, хорт зуршлаас татгалзах, хог хаягдал хаяхгүй байхыг сануулж байлаа. Дүү нарынхаа сурч боловсрох орчинд цэвэр цэмцгэр, соёлтой үйлчлүүлэх нь залуучуудын биеэ зөв авч яваагийн нэг илрэл юм.