Аймгийн хэлтэс, албадын дарга нарын ээлжит шуурхай хурал хуралдлаа. Хурлын эхэнд аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 3 дугаар сарын 7-ноос 11-ний хооронд ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар тус төвийн дарга Т.Үржинпүрэв танилцуулав. Тодруулбал Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд өнгөрөгч 7 хоногт нийт 41 иргэн ханджээ.
Иргэдийн дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг дунд, ахлах ангийн сурагчидтай хамт амраах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Дунд, ахлах ангийн ах, эгч нар нь дүүгээ хардаг учир зөрүүлж амрааснаар хөдөөний айл, өрхүүдэд хүндрэлтэй байна гэжээ. Эцэг, эхчүүдийн саналын дагуу аймгийн Засаг дарга Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад хүсэлт гаргасан боловч боломжгүй хариуг ирүүлсэн байна.Түүнчлэн багш нарын үр дүнгийн урамшуулал, татварын буцаан олголтын мөнгө хэзээ олгох талаар иргэд тодруулжээ. Үүнд 2015 оны 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг энэ оны 3 дугаар сард, татварын буцаан олголтын мөнгийг ирэх 4, 5 сард олгон хэмээн холбогдох албад мэдээлжээ.