Монгол Улсын Сангийн яам, Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас “Ядуурал, байгаль орчны доройтлыг бууруулах санаачлага” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2016 оны 3 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд “Өвөрхангай аймгийг хөгжүүлэх хэтийн зорилтын төслийн хэлэлцүүлэг”-ийг Хужирт суманд зохион байгуулав. Хэлэлцүүлэг нь Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”, 2016 оны 2 дугаар сарын 5-нд баталсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2016-2030” баримт бичгүүдтэй Өвөрхангай аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, аймгийн дунд хугацаа буюу 8-10 жилд баримтлах хөгжлийн хэтийн зорилтын төсөл дээр санал, зөвлөмж солилцон хамтран ажиллах зорилготой юм.
“Өвөрхангай аймгийг хөгжүүлэх хэтийн зорилтын төслийн хэлэлцүүлэг”-т аймгийн ЗДТГ-ынТөрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Санхүү, төрийн сан, Хөгжлийн бодлого, Нийгмийн хөгжил, Хууль зүйн хэлтсүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар,Татварын хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн алба, Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Ус цаг уур орчны шинжилгээний алба зэрэг агентлагуудын 40 гаруй удирдах албан тушаалтнууд оролцлоо.
“Ядуурал, байгаль орчны доройтлыг бууруулах санаачлага” хөтөлбөрийн богино хугацааны үндэсний зөвлөхүүдийн боловсруулсан аймгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдлын судалгаа, аймгийн хөгжлийн сул болон давуу тал, боломж, эрсдэл, аюулын үнэлгээний үр дүнтэй танилцаж,аймгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тогтвортой, ногоон чиг баримжаатай хөгжүүлэх санал, санаачлагын талаар санал, зөвлөмж солилцов. Хэлэлцүүлгийн үр дүнд “Өвөрхангай аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ын баримт бичгийг бусад аймгуудад загвар болгон боловсруулахад хамтран ажиллах Ажлын хэсэг байгуулан шаардлагатай мэдээ, мэдээллийг солилцон хамтран ажиллахаар шийдвэрлэв.