Эрүүл мэндийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” сэдвээр иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Арвайхээр сумын 11 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан болон иргэд олон нийтийн 190 гаруй төлөөлөгч оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн газраас “Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа” БОЭТ-ийн Поликлиникийн тусламж үйлчилгээний тухай” мэдээллийг тус тус өгөв. Иргэдийн зүгээс БОЭТ-ийн цахим үйлчилгээг боловсронгуй болгох, Утсаар захиалга өгөх үйлчилгээ хангалтгүй байгаад анхаарах, Поликлиникийн эмч нарыг солигдсон тохиолдолд тухай бүрт мэдээлж байх, Эмч, мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, ёс зүйн алдаа гаргаж байгаа эмч, мэргэжилтэн, ажиллагсдад хариуцлага тооцох, Зүрхний хагалгаанд орсон иргэний сар бүр өгдөг цусны шинжилгээ авах үйл ажиллагааг хүндрэлгүй болгох, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрийн эргэлтийг чанаржуулах, Хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээний зардлыг иргэн бүрт хэлж өгдөг байх, Өрхийн эмч нарыг тоог нэмэгдүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээ авдаг болох зэрэг саналуудыг дэвшүүллээ.
: