“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор “Архигүй орчин гэрэлт ирээдүй” 3 сарын аян аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Нийгэм, гэр бүл, хамт олны дунд архидалтаас ангижрах замаар эрүүл аюулгүй орчин бүрдүүлж, эрүүл чийрэг, ажилтай орлоготой, амар тайван Өвөрхангайчуудыг төлөвшүүлэхэд энэхүү аяны зорилго оршиж байгаа юм. Тус аян 4 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд аяныг сум, баг, газар, хэлтэс, байгууллагууд зохион байгуулна.
Аяны хүрээнд Архидалтгүй-Өвөрхангай хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг эрчимжүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын манлайлалыг нэмэгдүүлэх, Архидан согтуурснаас эрүүл мэнд, гэр бүл, хамт олон нийгмийн амьдралд учрах хор уршгийн талаарх хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын хүч оролцоонд түшиглэн хэрэгжүүлж, эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, Архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой зохион байгуулж, үр дүнг тооцох, Архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, захиргааны зөрчил, золгүй учралын тохиолдлыг бууруулах, архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хяналт, нийгмийн хариуцлагыг сайжруулах, Архидан согтуурахтай тэмцэх, архины хамааралгүй амьдрах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, өсвөр залуучуудын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилтуудыг ханган ажиллах юм. Аянд идэвхтэй оролцсон сум, баг, байгууллага, иргэн, иргэний нийгмийн байгууллагыг шалгаруулна.