Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хархорин, Хужирт сумдад “Органик тариалан, ул мөрийг мөрдөн тогтоох нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд тариалангийн тухай хууль, ургамлын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох журам, ул мөрийг хэрхэн мөрдөн тогтоох талаар мэдээлэл өгсөн байна.
Тариалангийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгаар тариалан эрхлэгчдийн эрх ,үүрэг нэлээн нэмэгдсэн бөгөөд тариалан эрхлэгчид энэ тухайд мэдлэг, ойлголт тааруу байдаг аж. Тиймээс тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үүрэг, хариуцлагын талаар зааж сургажээ.
Тодруулбал тариалан эрхлэгч нь тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх, тариалангийн газарт хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн бол мэргэжлийн байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэх, шаардлагатай арга хэмжээг авах, тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, таримлын үрийг таваас доошгүй жил тутам шинэчлэх зэрэг олон үүрэг хариуцлагатай байдаг байна.