“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх “Архигүй орчин-Гэрэлт ирээдүй” аяны хүрээнд аялуулж буй архидалттай тэмцэх туг 4 дүгээр сарын 18-наас 25-ны өдрүүдэд 7 хоногийн хугацаатай Байгаль орчин, аялал жуулчлалын газарт байрлахаар болсон. Тус газрын зүгээс аяны хүрээнд Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагын төрийн албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг танин мэдэхүйн болон хөгжөөнт хэлбэрээр баяжуулах, албан хаагчдын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Тэрээр тэмцээнд оролцохоос өмнө урьдчилан судлах шаардлагатай хуулиудын жагсаалтыг гаргаж өгсөн байна. Тухайлбал Төрийн албаны тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Агаарын тухай хууль, “Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр, “Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр албан даалгавар зэргийг урьдчилан судлах шаардлагатай ажээ. Тэмцээн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт болно.