“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд сар бүр залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байх тухай залуучуудын саналыг жилийн ажлын төлөвлөгөөнд тусган төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж байна. Тухайлбал 4 дүгээр сард “Залуусын хэмнэл” бүжгийн сургалтыг “Бриллиант эмэгтэйчүүдийн клуб” төрийн бус байгууллага хэрэгжүүллээ. Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гоо зүй ёс суртахууны соёлд сургах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал хандлагад уриалах зорилготой тус сургалт 3 дугаар сарын 30-наас эхлэн бүтэн сарын хугацаанд хичээллэсэн бөгөөд заавал сурах нийтийн 10 бүжгийг залууст сургажээ. Сургалт 7 хоногт 2 удаа хичээллэдэг ба Монголын бүжгийн спортын холбооны аймаг дахь салбарын мэргэжлийн бүжгийн багш нар хичээлийг зааж явууллаа. Бүжгийн сургалтанд 230 гаруй залуу бүртгүүлснээс 150-160 залуу тогтмол хамрагджээ. Сургалтын төгсгөлд залуучуудын дунд бүжгийн тэмцээнийг зохион байгуулахад 11 хос оролцож шилдгүүдээ тодруулсан байна.