• Албан ёсны цахим хуудас
Арвайхээр сумын “Соёмбо” цогцолбор сургуулийн тусгай бүлгийн сурагч Н.Эрхэмбаяр дэлхийн аварга боллоо

Ираны Тегеран хотноо болж буй диф /сонсголгүй/ сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн 54 кг-д зодоглосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Тусгай бүлэг”-ийн сурагч Намдагдоржийн Эрхэмбаяр дэлхийн аварга боллоо. Сонсголын бэрхшээлтэй хүү дэлхийн дэвжээнд бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлэн Иран улсад төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулжээ.

Тэрбээр эхний тойрогтоо Казахстаны Ершатиг Жанабил, улмаар Туркийн Серхан Долекийг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангаж, хагас шигшээд Андрей Ивановыг цэвэр ялж шигшээд шалгарсан. Шигшээд тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Ираны Нассер Каримиг ялж дэлхийн аварга боллоо.

Н.Эрхэмбаяр Өвөрхангай аймгийн Биеийн тамир спортын газрын "Их Монголын хүчтэн" дэвжээнд харьяалагдаж, Э.Баттүшиг дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэдэг. 2015 оны өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, гавьяат тамирчин М.Хойлогдоржийн нэрэмжит Өвөрхангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд түрүүлж байсан. Мөн 2015 оны чөлөөт бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байсан тэрбээр дэлхийд алдраа цуурайтууллаа.

Хүүг Дэлхийн аваргад оролцоход аймгийн Засаг даргын Тамгын газар, Дифлимпийн хорооны дарга Энхбаяр,  Дэлхийн зөн Монгол Өвөрхангай ОНХХ, “Соёмбо” цогцолбор сургууль, тусгай бүлгийн сурагчид, Монгол Улсын арслан Д.Ганхуяг, "Хасу Мега старс" клубын хамт олонд тусалсан юм.

 

2016-05-05 15:44:51