Өнөөдөр /2016.06.30/ аймгийн сонгуулийн хорооноос 2016 оны УИХ болон аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцууллаа. УИХ, аймгийн ИТХ-ын сонгуульд санал өгөх 72321 сонгогч тус аймагт бүртгэгдэж 74.91 хувийн ирцтэйгээр сонгуульдаа идэвхитэй оролцжээ. Тодруулбал УИХ-д 3 мандатын төлөө 16 хүн нэр дэвшсэнээс 19 дүгээр тойрог буюу Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хархорин суманд МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатар 10139 хүний санал авч 52,6 хувиар, 20 дугаар тойрог буюу Арвайхээр, Тарагт суманд МАН-аас нэр дэвшигч Д.Тогтохсүрэн 9650 хүний санал авч63,2 хувиар, 21 дүгээр тойрог буюу Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан суманд МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг 9391 хүний санал авч 46,2 хувиар тус тус ялалт байгууллаа.
Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн 41 суудалд гурван намын 87 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 38 суудлыг МАН, 3 суудлыг АН авчээ.