Энэ онд орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн автозамын санхүүжилтээр Арвайхээр, Хархорин сумдад автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж байна. Тодруулбал орон нутгийн хөгжлийн сангийн 182.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хархорин сумын Эрдэнэтолгой багийн гэр хороололруу чиглэсэн 350 м автозамын ажлыг “Эну Хүрэл” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна. Мөн орон нутгийн автозамын сангийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр сумын Хас банкны уулзвараас ТИС-ийн гүүр хүртэлх 262м, Хобби төвөөс Шунхлай ШТС хүртэл 150м автозамын өргөтгөл, шинэчлэл, Баруун 4 замаас Аюулгүйн тойрог хүртэлх 670м явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг “Өндөрсант хайрхан” ХХК 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад оруулах юм.