УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаа өндөрлөж, аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх анхдугаар хуралдаан зарлагдсан. Үүнтэй холбоотой 2012-2016 онд аймгийн ИТХ-д сонгогдон ажилласан Төлөөлөгчдийн бүрэн эрх дуусгавар болж байгаа юм. Өнөөдөр /2016.07.09/ өмнөх бүрэн эрхийн хугацааны ИТХ-ын Төлөөлөгчдийн хүндэтгэлийн хурал өргөн бүрэлдэхүүнтэй боллоо. Тус хуралд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, хэлтэс, албадын дарга нар, сумдын удирдлагууд оролцлоо.
Хурлыг нээж ИТХ-ын дарга Г.Ганболд үг хэлэхдээ:
“Аймаг, орон нутгаа олон жил удирдаж УИХ-ын гишүүн гэх энэ эрхэм хүндтэй төрийн албанд ард иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон Д.Тогтохсүрэнд Өвөрхангай аймгийн нийт иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. Өнгөрсөн 4 жилд улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн хэцүүхэн он жилүүд байсан ч манай аймгийн хувьд хамгийн оновчтой зөв удирдлагаар хангаж ажилласны үр дүнд эдийн засгийн өсөлтийг үр өгөөжтэй тусгаж авсан аймгуудын нэг байв. Тухайлбал аймгийн эдийн засгийн өсөлтийг 2012 онтой харьцуулахад 2015 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 3.5 дахин өссөн томоохон үзүүлэлт гарсан. Мөн манай аймаг дэд бүтэц болоод бусад бүтээн байгуулалтын ажлаар улсдаа тэргүүлсэн. Энэ бол өнгөрөгч 4 жилд аймгийн орны бүхий л салбарт хамтран ажилласан ИТХ-ын Төлөөлөгчдчид, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, ард иргэдийн хамтын ажиллагааны үр дүн юм” гэв.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлсэн үгэндээ:
“Хэдий эдийн засгийн хямралтай байсан ч бид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа үндсэндээ хэрэгжүүлж чадсан. Ингэж ажиллахад аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нар миний болон манай багийн ажлыг дэмжиж, тусалж, хамтарч, хурцалж, шүүмжилж ажилласан Та бүхэнд талархлаа илэрхийлье. Аливаа асуудалд ажил хэрэгчээр хандаж, асуудлын голыг нь олох гэж, байгаа нөөц боломжийнхоо хүрээнд ажиллах гэж манай Төлөөлөгчид нэлээд чамгүй чармайж ажилласан.
Цаашдаа УИХ-д ажиллах явцад орон нутгийн ялангуяа сумын санхүүгийн, боловсон хүчний, байгаль орчны чиглэлийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Би хэдий УИХ-ын 20 дугаар тойргоос сонгогдсон ч Өвөрхангай аймгийн удирдлагаар 16 жил ажилласны хувьд тойрог гэж явцуурч ажиллахгүй. Өвөрхангай аймгийнхаа бүх л сумдад бололцооныхоо хэрээр дэмжиж, тусалж ажиллана. Хүний өөрийн нам гэдэг ойлголт байхгүй. Бүх дарга нартай жигд ажиллана. Орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах болно” гэв.