• Албан ёсны цахим хуудас
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг аймгийн онцгой дээд шагнал болох Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит “Алтан соёмбо” одонгоор шагналаа

2012-2016 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн аймгийн ИТХ-ын шийдвэрээр  Д.Тогтохсүрэнг Өвөрхангай аймгийн ИТХ-ын дээд шагнал “Алтан соёмбо” одонгоор шагналаа. 2000 оноос хойш аймгийн удирдлагын албан тушаалыг хаших хугацаандаа нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшил, ажиллах нөхцлийг бүрдүүлэх, аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг үндэсний хөгжлийн цогц бодлоготой уялдуулан тодорхойлж, нийгмийн болон бусад салбарын уялдаа холбоог өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хөгжүүлж, 2002, 2006, 2007, 2008, 2010, 2014 онуудад аймгаа улсын тэргүүний аймаг болгож чадсан удирдлага зохион байгуулалтын амжилтыг нь үнэлж энэхүү нэр хүндтэй шагналаар шагнажээ.

Төрөлх нутгийнхаа удирдлагын залуурыг 16 жил жолоодохдоо аймгийнхаа хөгжил дэвшлийн үүд хаалгыг нээж, урагшлах харгуйг дардан гэрэлтүүлж, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө өөрийн мэдлэг чадвар, оюун билэг, сэтгэл зүрхээ зориулан баг, хамт олноо хариуцлагатайгаар удирдан чиглүүлж, үлгэрлэн манлайлж ажилласан Д.Тогтохсүрэнд Өвөрхангай аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, нийт Өвөрхангайчуудын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Өврийн сайхан хангай нутгийн уул, ус, шулуун шударга ард олны итгэл, сэтгэл таныг ямагт ивээн түшиж, Төр түшилцэх эрхэм үйл хэрэг тань хийморь өөдөө байх болтугай.

 

 

 

 

 

 

2016-07-09 20:39:42