Аймгийн ИТХ-ын 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр болсон анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Г.Ганболдын нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм. Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр захирамж гаргаж, аймгийн Засаг даргаар Г.Ганболдыг томилсон байна. Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдсон Г.Ганболд өнөөдөр/2016.07.18/ аймгийн Засаг даргаар 8 жил ажилласан Д.Тогтохсүрэнгээс аймгийн ЗДТГ-ын албан хаагчид, хэлтэс албадын дарга нарын өмнө тамгаа гардаж авлаа.
Энэ үеэр Д.Тогтохсүрэн аймгийн ажлын өнөөгийн байдал, ололт амжилтын талаар мэдээлэл өгөв. “Тэрээр өнгөрөгч хугацаанд аймагт хамгийн том бүтээн байгуулалт хийгдсэн, амжилт ололттой ажиллаж буй салбараар барилга хот байгуулалтын салбар, дэд бүтцийн салбарт, хөдөө аж ахуй, газар тариалан, боловсрол, эрүүл мэндийн салбаруудыг нэрлэж байна. Мөн аймгийн хөгжилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, идэвх санаачилга ихээхэн дэмжлэг болдог гэдгийг онцлов. Түүнчлэн аймгийн бодлогын баримт бичгийн гол суурь бий болсон эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтэц гэх мэтчилэн бүхий л салбарт бодлогоо боловсруулж түүнийхээ хүрээнд ажиллаж байна гэв. Мэдээллийнхээ төгсгөлд манай аймгийн төрийн албан хаагчдын чадавхи сайжирсан. Ямарч ажлын ард гарч чадах хэмжээнд бэлтгэгдсэн. Үүнийг Засгийн газар үнэлж сүүлийн 16 жилд аймаг 6 удаа улсад тэргүүлсэн амжилт гаргасан. Энэ бол төрийн албан хаагчид, удирдлагуудын хамтын ажиллагааны үр дүн гээд шинээр сонгогдсон ИТХ-ын дарга, шинээр томилогдсон Засаг даргаа дэмжиж, хамтарч ажиллахыг нийт албан хаагчдад захив.
Аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээн авсан Г.Ганболд “Өвөрхангай аймаг бол сүүлийн жилүүдэд улсдаа ажил үйлсээрээ, мал сүргийн тоогоор тэргүүлсэн, олон хүн амтай, аялал жуулчлалын бүс нутаг болсон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан гээд ажил үйлсээрээ улсдаа тэргүүлж буй аймгийг хүлээж авч байна. Үүнтэй хамт асар их ачаа, үүрэг хариуцлага давхар ирж байна гэж ойлгож байна.
Цаашдаа ИТХ, төрийн албанд тогтвортой ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа түшиглэж аймаг, орон нутгаа улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно. Ойрын хугацаанд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж, ИТХ-аар батлуулна гэв.