• Албан ёсны цахим хуудас
Хархорин сум байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадамд аймгийн удирдлагууд оролцлоо

Их Монгол улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 796 жил, Хархорин сум байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Ойн хүрээнд зохион байгуулагдсан баярын хурал болон баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал нар оролцож, Хархорин сумын хөгжилд хөдөлмөр зүтгэлээ зориулж хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн одон медаль, аймаг, сумын шагналыг гардуулж, аймгийн ИТХ, ЗДТГ-аас Хархорин сумыг 10.0 сая төгрөгөөр шагнав.

Түүх соёлын өлгий болсон нутагт БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар тогтоолоор Хархорин сум, Сангийн аж ахуй байгуулагдсан. Хархорин сум Сангийн аж ахуй байгуулагдсан цагаасаа эхлэн атар газар эзэмшин өндөр ургац авах талаар дэвшүүлсэн зорилтоо биелүүлж, ялангуяа 1959 оны ургац хураалтын ажилд гарамгай амжилт гаргасан явдлыг төр засаг өндөрөөр үнэлж, БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Хархорин сум Сангийн аж ахуйг Монгол улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнаж байжээ.

Өдгөө Хархорин сум засаг захиргааны хувьд 8 багтай, 3628 өрхтэй, 12545 хүн амтай бөгөөд 2015 оны жилийн эцэст 265.0 мянган толгой мал тоологдож, 977 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, мянгат малчны тоо 26 болжээ.

Газар тариалангийн 22784.5 га талбайтай үүнээс 366 иргэн, аж ахуйн нэгж 19004.5 га газар эзэмшиж жилдээ 6000 гаруй га талбайд тариалалт хийж, 7683 тн ургац хураан авдаг байна. Тус сумын түүх соёлын дурсгалт газрууд, үзэсгэлэнт байгалийг түшиглэж аялал жуулчлалын салбар хурдацтэй хөгжиж байна.

Хархорин сум нь 2012 онд “Улсын тэргүүний сум”-аар шалгарч, ажил үйлс, хөдөлмөр бүтээлээрээ аймагтаа манлайлсаар байгаа юм. Түүнчлэн УИХ-ын 2003 оны 01 дүгээр тогтоолоор Хархорин сумыг Хангайн бүсийн тулгуур төв болгон шийдвэрлэжээ.  Тулгуур төв хотын төлөвлөгөөний дагуу иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлж, 30 мянганхүн амыг хангах инженерийн шугам сүлжээг байгуулж, анхны орон сууцнуудаа ашиглалтад оруулжээ.

 

 

2016-07-25 16:29:03