Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт ирэх дөрвөн жилд Засгийн газраас баримтлах бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалт семинар өнөөдөр/2016.08.22/ Төрийн ордонд эхээллээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрыг байгуулсан. Энэ газрын ажилтнууд нутгийн удирдлагын чиглэлээр бүхий л асуудлыг хариуцаж, орон нутгийн удирдлагуудтай байнга холбоотой ажиллана гэдгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нээлтийн үгэндээ онцолжээ.
Тус газраас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцож, өөрсдийн эрхэлсэн салбар, хүрээний асуудлаар 2016-2020 онд баримтлах бодлого, зорилтын талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгч, ярилцах юм байна. Мөн зарим хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар салбарын эрдэмтэн судлаачид хичээл заах ажээ. Маргааш буюу энэ сарын 23-ны 14:00цагаас аймаг, нийслэлийн Засаг дарга нар Монгол Улсын Ерөнхий сайдтай байгуулах батламжид гарын үсэг зурах бөгөөд энэхүү батламжаар Засаг дарга нар Ерөнхий сайдын өмнө тодорхой үүрэг хүлээж, түүнийгээ батламжлах юм.
Мөн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэхэд оролцож, саналаа хэлж, Монгол Улсын 2016 оны төсөвт хийх тодотголын талаар танилцуулга сонсч, улс орны төсөв, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл авах юм байна.