• Албан ёсны цахим хуудас
9 дүгээр сарын 15-ныг хүртэл самар түүж, бэлтгэхгүй байхыг иргэдэд онцгой анхааруулж байна

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар  “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах, журам”-ыг баталж тус журмын 3.3.7-д хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ хэмээн заасан байдаг. Уг  журмыг Монгол улсын хэмжээнд мөрдөж ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ой бүхий 5 сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчид, Ой ангийн ажилтнуудад үүрэг чиглэл өгч улмаар самар түүж, бэлтгэх ажлыг журамлах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж зохион байгуулах зорилгоор энэ сарын 16-наас эхлэн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан сумдад хяналт шалгалтын постыг ажиллуулж эхэлжээ. Хяналт шалгалтын пост  ажилласнаар өнгөрөгч 7 хоногийн хугацаанд самар түүж байгаа болон түүхийг завдсан 915 иргэн, 71 машин, 181 мотоцикль бүхий иргэнийг буулгаж нийт 7.5 тонн самар хурааж, дээрх иргэдэд торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

Ойн тухай хуулийн 47.2.1, 47.2.4-д заасны дагуу ойн дагалт баялаг ашиглахдаа технологийн горим зөрчсөн /түүж бэлтгэсэн, зарж борлуулсан, худалдаж авч байгаа/, зохих зөвшөөрөл эрхийн бичиггүйгээр ойн дагалт баялаг ашигласан зөрчил гаргасан  иргэнийг 1 сарын хөдөмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн торгууль /1.250.0 мянга/ оногдуулж хууль бусаар бэлтгэсэн самрыг хурааж авахаар заасан байдаг. Самрын технологийн болц гүйцэх хугацаа гэдэг нь самрын идээ бүрэн боловсорч боргоцой нь давирхайгүй,  цайруулахад  амар хялбар болж, хуш модыг  зориулалтын бус арга хэрэглэж гэмтээхгүй болдог байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний самрын хэмжээ, түүж бэлтгүүлэх тухай хугацааг тогтоосон шийдвэр гаргадаг. Өнгөрсөн жил дээрх хугацааг 10 дугаар сарын 1-ний өдрөөр тогтоож байсан. Энэ жилийн хувьд аймгуудын зүгээс тус яаманд хугацааг наашлуулж өгөх саналаа уламжлаад байгаа ажээ. Иймд яамнаас тогтоосон хугацаанд самрын болц гүйцэд боловсрох үед самрыг түүж, бэлтгэхийг иргэддээ анхааруулж байна.

Дашрамд дурдахад үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх аж ахуйн нэгжүүд энэ жилийн хувьд 10 дугаар сарын 15-наас цааш буюу хуулинд заасан  хугацаанд үнэ ханш тогтоож самар худалдан авах ажлыг зохион байгуулна гэсэн мэдээллийг холбогдох албаныханд өгчээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016-08-23 19:00:11