Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж байгаатай холбогдуулан тус бодлогын баримт бичигт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр тусгах санал санаачилгыг иргэд, олон нийтээс авах зорилгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран “Орон нутагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар талуудын оролцоог хангасан олон нийтийн хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр/2016.08.24/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллагуудын зүгээс орон нутагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг танилцуулж, оролцогчдоос орон нутагт хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлууд болоод хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд шинэлэг санал, санаачилгыг сонслоо. Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид иргэдээс гаргасан саналуудыг нэгтгэж, зөвлөмж боловсруулан аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч И.Доржсүрэнд өргөн барих юм байна.