• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг дарга Г.Ганболд хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов

Аймгийн Засаг дарга Г.Ганболд өнөөдөр /2016.09.01/ улсын тэргүүний “Мэргэд” лаборатори сургууль, аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Тэрээр багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагч, эцэг эхчүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Манай аймгийн боловсролын салбар сүүлийн жилүүдэд томоохон олимпиад, уралдаанууд, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсдаа тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа билээ. Үүний нэг тод жишээ нь өнгөрөгч хичээлийн жилд Өвөрхангай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсдаа тэргүүлсэн амжилттайгаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Энэхүү амжилт нь багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, хамтын үйл ажиллагааны үр дүн юм. Орон нутгийн зүгээс оруулж буй хөрөнгө оруулалтуудын дийлэнх хувь нь боловсролын салбарт тэрдундаа сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөл, шинэчлэлийн ажлуудад зориулагдаж байгаа. Цаашдаа эдгээр хөрөнгө  оруулалтуудыг улам нэмэгдүүлж, хүүхдүүдийг тав тухтай орчин нөхцөлд сурч боловсрох бололцоо нөхцлөөр хангахын төлөө бид ажиллаж байна. Мөн хүүхэд багачуудын  авьяас чадварыг нээн хөгжүүлэх чиглэлээр олон төрлийн хөтөлбөрүүдийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа. Эдгээр хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээр хүүхэд багачууд маань аймаг, орон нутаг, улс эх орондоо  хэрэгтэй эрдэм боловсролтой, авьяас, чадвартай иргэд болон төлөвшинө гэдэгт итгэж байна” хэмээв.

2016-2017 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага 40, ерөнхий боловсролын 30 сургууль үйл ажиллагаа явуулна. Дээрх сургууль, цэцэрлэгт нийт 29000 хүүхэд суралцаж,  цэцэрлэгийн хамран сургалт 87 хувь, сургуулийн хамран сургалт 95 хувьд хүрч, 2365 багш ажилтан, албан хаагчид ажиллаж, багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж 99 хувьд хүрсэн байна.

Дээрх сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Чимэддорж-Ойдов, аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газрын  мэргэжилтэн Х.Нямцэрэн, “Мэргэд” лаборатори сургуулийн захирал Д.Чимэд-Орги, аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.Алтанцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

 

 

 

2016-09-01 15:11:41