Сар бүрийн эхний өдөр аймгийн удирдлагууд орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж өнгөрөгч сард хийж хэрэгжүүлсэн болоод ирэх сард хийхээр төлөвлөж буй ажлуудаа мэдээлдэг уламжлалтай. Тогтсон жишгийн дагуу аймгийн шинэ удирдлагууд өнөөдөр /2016.09.01/ сэтгүүлчдэд мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулав.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж: “УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа улс орон даяар зохион байгуулагдсанаас хойш 2 сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тус сонгуулийн үр дүнгээр шинээр байгуулагдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнгөрөгч 7 дугаар сарын 9-ний өдөр болж миний бие аймгийн ИТХ-ын даргын үүрэгт ажилд сонгогдсон. Ажлаа хүлээж авснаас хойш 1 сар гаруй хугацаа болсон байна. Энэ хугацаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 1 удаа зохион байгуулж, дараагийн хуралдаан ирэх даваа гарагт /2016.09.05/ хуралдахаар төлөвлөгдөж байна. Мөн 21 аймгийн шинээр томилогдсон ИТХ-ын дарга, Засаг дарга нарын сургалт, семинарт оролцож Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймаг, орон нутгийн өмнө тулгамдаж байгаа ирэх 4 жилд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар саналаа илэрхийлж, холбогдох яамдын сайд нартай уулзлаа. Аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдааныг 9 дүгээр сарын 20-ны үеэр зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг хурлаар аймгийн Засаг даргын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн төсвийн тодотгол зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэв.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд: “Аймгийн Засаг даргын үүрэгт ажилд томилогдоод 40 орчим хонож байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн болоод цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд, аймгийн цаг үеийн ажлын талаар тодорхой мэдээлэл өгье хэмээгээд аймгийн Засаг даргын үйл ажилллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. 9 дүгээр сард багтаан хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулахаар төлөвлөж буйгаа мэдээллийнхээ эхэнд онцлов. Тэрээр Засгийн газрын шийдвэрээр өөрчлөлт орсон зарим төрийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн томилгоотой холбоотой мэдээллийг танилцуулж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц үр дүнгээр мэдээллээ үргэжлүүллээ.
Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Арвайхээр суманд 3 өрхийн эрүүл мэндийн төв шинээр баригдаж, эхнээсээ ашиглалтад орж байна. Мөн тус суманд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдаж байгаа. Ирэх 11 сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Бат-Өлзий сум болон Уянга сумын Жаргалант багт шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтын удаашралтаас шалтгаалан Уянга сумын соёлын төвийн барилга, Арвайхээр сумын 928 хүүхдийн сургуулийн барилга, Есөнзүйл сумын бага сургуулийн болон дотуур байрны барилга, Хужирт сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл ашиглалтад ороогүй хүлээгдэж байна. Эдгээр барилгуудыг дуусгахын тулд дутуу төсөв хөрөнгийг ирэх жилийн төсөвт тусгуулах талаар УИХ-ын гишүүдэд хандаад байна.
Аймгийн цаг үеийн ажилтай холбоотойгоор төв суурин газар, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хэсгүүдийг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажил явагдаж байна. Мал сүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд өнгөрсөн жил манай аймаг 4.5 сая толгой мал тоолуулсан. Энэ жил 1.6 сая толгой төл мал хүлээж авснаар зундаа 6.1 сая толгой мал зуслаа. Олон жилийн дунджаар манай малчид жилдээ 1 сая орчим толгой мал хүнс тэжээлдээ хэрэглэж, зах зээлрүү борлуулдаг. Энэ намар ч энэ жишгээр байж, 5 сая гаруй толгой мал өвөлжинө гэсэн урьдчилсан дүнтэй байна. Нийт нутгийн 30 хувьд нь бэлчээрийн даац 2 дахин нэмэгдсэн гэсэн судалгааг Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан. Үүнтэй холбоотой хадлан тэжээл бэлтгэх ажлыг эрчимжүүлж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал малчид өөрсдөө санаачилга гаргаж, хадлан тэжээлээ бэлддэг болсон. Үүний үр дүнд Засгийн газраас өгч байгаа хэмжээнээс давуулж хадлан тэжээл бэлтгэх боломжууд нэмэгдэж байгаа юм.
Энэ жил манай аймагт 10 орчим мянган га талбайд үр тариа, тосны ургамал тариалсан. Үр тарианы хувьд 1 га-аас 11,5 центнер хурааж авах урьдчилсан баланс гарсан. Ургац хураалтын ажлыг цаг агаарын байдалтай уялдуулж шуурхайлах үүрэг чиглэлүүдийг холбогдох газруудад өгөөд байна.
Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд аймгийг дулааны эрчим хүчээр хангадаг байгууллагууд хувьчлагдсанаар сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангаж байгаа. Баянтээгийн нүүрсний уурхай өөрийн аймгаас гадна бүсийн хэмжээний аймгуудын хэрэгцээг хангах 100 гаруй мянган тонн нүүрс олборлох тооцоо байна. Нүүрсний нийлүүлэлт, чанарын асуудал энэ жил хангалттай байгаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Арвайхээр хотод дулааны станц бариулах ажлыг тусгуулахаар аймгийн удирдлагуудын зүгээс ерөнхий сайд, салбарын сайдын түвшинд тухайн асуудлыг тавьж байгаа” гэв