Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Ногоон хөгжлийн бодлого, түүний үйл ажиллагааны төлөвлөгөө болон холбогдох эрхзүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөлтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт аймгийн Засаг дарга Г.Ганболд, тус төслийн захирал А.Амгалан нар гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд Өвөрхангай аймгийн "Ногоон хөгжлийн төлөвлөгөө"-г Монгол улсын хүчин төгөлдөр эрхзүйн актуутад нийцүүлэн дахин боловсруулах, аймгийн хөгжлийн бодлогын төлөвлөлтөд ногоон хөгжлийн төлөвлөгөөг тусган шинэчлэн найруулахад хоёр тал хамтран ажиллах юм.
Дээрх хоёр ажлыг гүйцэтгэхэд дараах үйл ажиллааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнд:
- Тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажлын хэсгийг чадавхжуулах
- Тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн үндсэн ойлголтуудыг олон нийтэд сурталчлах
- Ногоон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад ард иргэд, залуу үе, өсвөр насныхныг татан оролцуулах
- Олон талын оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулах
- Ногоон хөгжлийн стратегийн зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнг тодорхойлсон бодлогын баримт бичгийг боловсруулж аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулна.
Санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн дээрх ажлуудыг энэ оны есдүгээр дүгээр сарын зургаанаас эхлэн 11 дүгээр сарын нэгэн хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ. "Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,Швейцарийн хөгжлийн агентлаг гэсэн 3 байгууллагын хамтарсан санхүүжүүлттэйгээр 2015-2017 оныг дуустал Монгол улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл юм.
Энэхүү төслийг хэрэгжүүлэгч, зохицуулагч нэгжээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгмэлэг, Шведийн Упсала Их сургууль, Швейцарийн Боловсролын салбар дахь олон улсын хамтын ажиллагааны хүрээлэн хамтран консорциум болон ажилладаг бөгөөд “Тогтвортой хөгжлийн боловсрол-ын үзэл санаа, ойлголтыг Монгол улсын боловсролын тогтолцоонд нэвтрүүлж, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийг дэмжих институцийн эрх зүй, зохион байгуулалтын орчинг бүрдүүлэх" үндсэн зорилготой.