• Албан ёсны цахим хуудас
Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улсад нийтийг хамарсан их баривчилгаа эхэлсэн 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон хуульчилснаар жил бүрийн энэ өдрийг хэлмэгдэгсдийг бүх нийтээрээ дурсаж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд Өвөрхангай аймгаас нийт 1500 орчим хүн өртсөн бөгөөд тэдний гэгээн дурсгалд зориулж Гэндэнгийн гудамж, Намнансүрэнгийн гудамжны уулзвар дээр 2 жилийн өмнө гэрэлт хөшөөг байгуулсан юм. Өнөөдөр тус хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЦАУЗБСК-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Арвйхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж болон албаны бусад хүмүүс, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдийн төлөөлөл оролцов.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол, хэлмэгдэгсдийг цагаатгахын учир” сэдвээр яриа таниулга хийж, хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан Ганданпунцоглин хийдэд буяны ном хуруулсан байна. Аймгийн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос холбогдох хууль тогтоомжийн дагуу 1998-2016 оны хооронд 1140 хүний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч хэлмэгдэж цагаатгагдсан 1500 хүнээс өнөөдрийн байдлаар 516 хүнд 510 сая төгрөгийн цагаатгалын нөхөн олговор, 1 хүнд орон сууцны нөхцлийг сайжруулахаар 30 хүртэл сая төгрөгийн мөнгөн олговрыг олгоод байгаа ажээ.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг манай улс 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

 

 

 

2016-09-09 14:07:50