Шинэ Зиланд улсын Засгийн газар, “Tear Fund” олон улсын байгууллагын санхүүжилтээр Олон нийтийн ногоожуулах төсөл 2012 оноос манай аймагт хэрэгжиж эхэлсэн. Тус төслийг “Өрхийн тариалан бизнес хөгжил” төрийн бус байгууллагаас аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төсөлд Арвайхээр, Хархорин, Тарагт, Төгрөг, Хужирт, Гучин-Ус, Баянгол сумдын нийт 400 өрх хамрагддаг юм. Төслийн үр дүнг тайлагнах ажлын хүрээнд энэ оны 9 дүгээр сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд “Арвайхээр-Намрын ногоон өдөр”-2016 үзсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2016.09.9/ боллоо. Аймгийн Засаг дарга Г.Ганболд тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:
“Манай аймаг хөдөө аж ахуйд түшиглэсэн эдийн засагтай. Тэрдундаа эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь мал аж ахуйн салбар юм. Мал аж ахуйн салбараас гадна бусад салбарын эдийн засгийг дэмжих бодлого барьж байна. Энэ хүрээнд газар тариалангийн салбарыг түлхүү дэмжиж байгаа. Тухайлбал аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрхийн тариалан эрхлэгчдийг дэмжих, тариаланчдын өөрсдийнх нь чадамж дээр тулгуурлаж зах зээлийг нь тэлэх зэрэг зорилтуудыг хөтөлбөрт тусгаж байна. Олон нийтийн ногоожуулах төсөл нь 7 сумын 11 аж ахуйн нэгж, иргэдэд газар тариалангийн талаар ойлголтуудыг өгч, газар тариалан эрхлэх боломжуудыг нь хангаж, материаллаг зүйлээр тусалж ажилладаг. Үүний үр дүнд өмнө нь газар тариалан төдийлөн эрхэлдэггүй байсан сумдын иргэд олон төрлийн хүнсний ногоо тарьж, түүнийгээ даршилж, зах зээлрүү гаргаж байгаа нь тэдний амьдрал ахуйд ихээхэн тус дэм болж байна. Төслийг хэрэгжүүлж байгаа төслийн удирдагчид, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа мэргэжилтнүүдэд тариаланчдынхаа өмнөөс талархал илэрхийлье” гэв.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, Өрхийн тариалан бизнес хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн Я.Төрхүү, “TearFund” олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр хариуцсан захирал Kevin Riddell, “TearFund” олон улсын байгууллагын зөвлөх Marlon Stufkens, болон албаны бусад хүмүүс оролцов.
Төсөлд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжүүд жилд 42.5 га-д төмс, хүнсний ногооны тариалалт эрхэлж, 200 гаруй тонн төмс, 50 гаруй тонн хүнсний ногоо хураан авч аймгийн нийт төмс, хүнсний ногооны 3.8 хувийг үйлдвэрлэж, гишүүдийн өрхийн орлого нэмэгдэж, байнгын болон түр ажлын байраар иргэдийг хангаж байгаа бодит үр дүнгүүд гарчээ.
Олон нийтийн ногоожуулах төсөл хэрэгжиж эхэлснээр төсөлд хамрагдсан хоршоодыг трактор, тоног төхөөрөмжөөр хангах, өвлийн хүлэмж, зоорь байгуулах, тариалангийн талбай хашаажуулах, хоршооны гишүүдийг газар тариалангийн чиглэлээр сургаж, дадлагажуулах, мэргэжил арга зүйгээр хангахад 1 тэрбум гаруй төгрөгний хөрөнгө оруулалтыг хийжээ.