Намрын налгар өдрүүдэд “Өвөрхангай түншлэл” үзэсгэлэн худалдаа 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 2001 онд 6 оролцогчтойгоор анхныхаа үзэсгэлэнг зохион байгуулж байсан тус арга хэмжээ жилээс жилд өргөжиж, бүтээгдэхүүний чанар сайжирч, хэрэглэгчдийн хүлээлт бий болжээ. Энэ сарын 22-ноос 24-ний өдрүүдэд үргэлжилсэн Өвөрхангай түншлэл-2016 арга хэмжээнд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан-Уул, Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ аймгууд болон өөрийн аймгийн Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Богд, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Гучин-Ус, Төгрөг сумдаас нийт 90 гаруй үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага оролцож, үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулав.
Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Өвөрхангай аймаг дахь салбар, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдааны нээлтэд аймгийн Засаг дарга Г.Ганболд, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга М.Сарандаваа болон холбогдох албаны хүмүүс, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.