• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Төв номын сан байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тэмдэглэв

Аймгийн Төв номын санбайгуулагдсаны түүхт 70 жилийн ойг өнгөрөгч 7 хоногийн баасан, бямба гарагт тэмдэглэн өнгөрүүллээ. Тус номын сан нь 1946 оны 7 дугаар сард  аймгийн Гэгээрлийн хэлтсийн харьяанд “Бага хурлын номын сан” нэртэйгээр нэг орон тоотой 185 нэр төрлийн 1300  орчим номтой анх байгуулагдаж, хүн ардыг соён гэгээрүүлэх ажлын эхлэл тавигджээ.

Өдгөө аймгийн Төв номын сан нь 46 мянга гаруй ном хэвлэлтэй бөгөөд насанд хүрэгчдийн, хүүхдийн, интернет, гэрээр ном олгох гэсэн 4 танхимаар жилдээ 2300 гаруй уншигч үйлчлүүлж байна. Аймгийн Засаг даргын 2013 оны 59-р  захирамжаар аймгийн төв номын санг Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит болгосон. Өнгөрөгч жилд “Lib4U програм”-ыг нэвтрүүлснээр интернэт болон дотоод сүлжээгээр уншигчдад ном, хэвлэлийг ашиглуулах боломж бүрдсэн байна.

Түүхт 70 жилийн ойн хүрээнд бүтээсэн “Номын гэгээ цацарсан их өргөө” номын нээлт, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол, номын баатруудын үзүүлэх тоглолт, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, “Соёл урлагийн ажилтнуудын спортын бэсрэг наадам” зэрэг арга хэмжээнүүдийг ойн баярын өдрүүдэд зохион байгуулжээ.

2016-09-26 17:29:13