• Албан ёсны цахим хуудас
М.Энхболд: “Насны хишиг”, 36 сарын тэтгэмж ирэх оны нэгдүгээр сараас олгогдож эхэлнэ

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч иргэдэд дарамт ачаалал үүсгэхгүй байх тал дээр төр засгаас анхаарч ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын дарга танилцуулаад, сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан “Насны хишиг” тэтгэмжийг 70-аас дээш настай ахмадууддаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор тооцож, 20.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан талаар дуулгав. Түүнчлэн оюутан залуус, цаашлаад гэр бүлд нь дэмжлэг болохуйц шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн зээл олгох зориулалтаар 90 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас 101.5 тэрбум төгрөгийг нэмж төвлөрүүлэхээр улсын төсөвт тусгасан байна. Оюутан залуус суралцах хугацаандаа сургалтынхаа төлбөрийг зээлээр авч барагдуулчихаад, мэргэжил эзэмшин ажил хөдөлмөр эрхэлж, эргүүлэн төлөх бололцоог бүрдүүлэх юм байна. Цаашдаа улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал нэн тэргүүнд иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зарчим баримталж байгаа талаар дуулгалаа. 

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үеэр 2016 оны улсын төсөвт тодотгол хийн, төсөв санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн 2016 оны сүүлийн гурван сард тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Гэхдээ ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс энэ тэтгэмжтэй холбоотой зохицуулалт хуучин хэвээр мөрдөгдөх болно гэдгийг онцлон дуулгасан юм.

Орон нутгийн ажил байдал нь улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөөтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр тэмдэглэн хэлээд “2016 оны долоодугаар сарын 01-нээс Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр төрийн байгууллага ямар нэг шийдвэр гаргахдаа иргэдийн санал бодлыг сонсож, тусгах үүрэг хүлээдэг болсон” гэв.

 

 

2016-10-05 11:51:13