Арвайхээр хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагчид сурч, боловсрохын зэрэгцээ урлаг, спортоор хичээллэн авьяас чадвараа хөгжүүлж байна. Тухайлбал тус ангийн сурагч Н.Эрхэмбаяр нь өнгөрөгч жил Иран улсын Тегеран хотод зохион байгуулагдсан өсвөрийн диплимпийн чөлөөт бөхийн тэмцээнээс алтан медаль хүртэж Дэлхийн аварга болсон, Ч.Булгантамир, Г.Лхагвабат нар БНХАУ-ын Хуаншань хотод болсон Зүүн азийн орнуудын тусгай олимпод бадминтоны төрлөөр оролцож мөнгө, хүрэл медалийг эх орондоо авч ирсэн амжилтуудыг үзүүлсэн. Тэгвэл 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Хонконг улсад зохион байгуулагдах тусгай олимпод тус ангиас 7 сурагч спортын 5 төрлөөр оролцох эрхийг авсан байна. Тусгай олимдод оролцох дээрх 7 хүүхдийг дэмжиж аймгийн Засаг даргын шийдвэрээр төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид хандивын аян өрнүүлж байна.