Бичил уурхайг хууль журмын хүрээнд зохион байгуулалтанд оруулж, албажуулснаар орон нутаг хийгээд улсын эдийн засагт оруулах хувь нэмэр, ач холбогдлыг дээшлүүлэх боломж байна. Энэ хүрээнд Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төсөл, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөнийг энэ сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Арвайхээр хотод зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Ганболд, Швейцарийн хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбагана, Ашигт малтмал газрын тосны газрын бичил уурхай хариуцсан мэргэжилтэн О.Амарсанаа, Багахангай, Налайх дүүрэг, Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, аймгийн удирдлагууд, холбогдох албаныхан, бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөнөөр
Бичил уурхайн зохион байгуулалт, эрх зүйн орчин-өнөөгийн байдал,
Жендерийн тэгш байдал, хүний эрхэд суурилсан хариуцлагатай бичил уурхай, байгаль орчин, нийгмийн асуудлууд,
Бичил уурхайн нийлүүлэлтийн сүлжээ, эдийн засгийн асуудлууд гэсэн 3 салбар хуралдааныг явуулж оролцогч талуудыг мэдээллээр хангаж харилцан санал солилцов.