Аймгийн “Монреаль” олимпийн зөвлөлөөс санаачлан Монголын Үндэсний Олимпийн Хороотой хамтран “Ерөнхий боловсролын сургууль дахь олимпийн танхимын үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт сургалтыг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт зохион байгууллаа. Сургалтад Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал Л.Алтанцэцэг, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн волейболын багш, ОУ-ын хэмжээний мастер Г.Уранчимэг, орон нутаг хариуцсан захирал н.Цэнд-Аюуш, Говьсүмбэр аймгийн “Антверпин”олимпийн зөвлөлийн арга зүйч Б.Буянтогтох нар хүрэлцэн ирж багш нарт аргазүйн зөвлөгөө өгч, ерөнхий боловсролын сургуулиудын олимпын танхимтай танилцан, сурагчидтай уулзалт зохион байгуулав.
“Олимпын үзэл санааг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, олимпын аваргуудын залуу халааг бэлдэх, өсвөр үеийнхнийг их спортод татан оролцуулах зорилгоор 2006 оноос эхлэн улсын хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудад олимпын танхимыг байгуулсан. Мөн 2010 оноос эхлэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тус танхимыг байгуулж өнөөдрийн байдлаар манай аймгийн ерөнхий боловсролын 30 сургууль, 40 цэцэрлэгт олимдын танхим байгуулагдаж амжилттай үйл ажиллагаа явуулж байна” хэмээн Аймгийн “Монреаль” олимпийн зөвлөлийн дарга Б.Чанцалдулам хэллээ.
Сургалтад аймгийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын олимпийн танхим хариуцсан арга зүйчид, биеийн тамирын багш нийт 50 гаруй хүн хамрагдлаа.