Өвөрхангай аймаг БНХАУ-ын Гүйжөү мужтай энэ оны 9 дүгээр сараас эхлэн албан ёсны хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд тус мужийн Хай Чүэн махны үйлдвэрийн удирдах зөвлөлийн гишүүд 2016 оны 11 дүгээр сарын 17-ноос 19-ний өдрүүдэд манай аймагт албаны айчлал хийж байна. Тус үйлдвэрийн удирдах зөвлөлийн гишүүд Өвөрхангай аймагт мал махны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малыг эрүүлжүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаа юм.
Өнөөдөр /2016.11.18/ аймгийн удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч “Мал сүргийг эрүүлжүүлэх арга зам” ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Хай Чүэн махны үйлдвэрийн захирал Хай Чан Хай мал, махны үйлдвэрлэл явуулахад хамгийн чухал нь эрүүл ахуйг шаардлагыг хангах гэдгийг онцлоод хамтын ажиллагааны хүрээнд мал эмнэлгийн чиглэлээр 10 хүнийг өөрийн мужид суралцахыг урьж тухайн зардлыг хариуцахаа мэдэгдлээ. Мөн тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх нарийн арга барилд холбогдох хүмүүсээ суралцуулахад хамтран ажиллахаа амлав.
Айлчлалын хугацаанд тус мужийн төлөөлөгчид “Атар-Өргөө” махны зоорь, мах ангилан ялгах үйлдвэр, Мал эмнэлэг “Өв Таван-Эрдэнэ” ХХК, “Жем-Хужирт” усны үйлдвэртэй танилцах юм.