“Ахмадаа дээдлэх жил”-ийн ажилд аймгийн хэмжээний сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооноос “Хүндэтгэл бахархлын аян”-ыг жилийн турш зохион байгуулж, аяны туг, дэвтрийг хуваарийн дагуу аялуулна.
Аяны туг, дэвтэр хүлээн авсан баг, байгууллага, аж ахуйн нэгжүүд зорилтот жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас хийж хэрэгжүүлэх, ахмад үеийнхээ уламжлалт зан үйл, мэдлэг туршлагыг залуу хойч үедээ уламжлан өвлүүлэх, ахмадаас гаргасан үнэтэй санал, санаачилгыг хүлээн авч шийдвэрлэх, зохих хууль тогтоомжийн дагуу өөрийн харьяаллын ахмадуудад зориулсан “Ахмадын сан” байгуулах, ахмадуудын дунд уулзалт, өдөрлөг, спорт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, амьдрал ахуй нэн хүнд 1-2 ахмад настанд дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг байгууллагынхаа түвшинд зохион байгуулж ажиллах юм. Зорилтот жилийн ажлын нээлтийн арга хэмжээний үеэр сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Ахмадын хорооны дарга нарт аймгийн удирдлагууд тус аяны туг дэвтрийг гардуулан өгөв.