Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын удирдлагуудын шуурхай хурал долоо хоног бүрийн мягмар гарагт хуралдаж Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хандсан иргэдийн санал гомдлыг хэлэлцэн, шийдвэрлэж, аймаг, орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцон, Засаг даргын зүгээс хэлтэс албадын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өгч ажилладаг уламжлалтай. Тус хурал өнөөдөр хуралдаж, өнгөрөгч 14 хоногт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирүүлсэн иргэдийн санал, гомдлыг хэлэлцэв. Дээрх хугацаанд нийт 53 иргэн хандсанаас 13 иргэн төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, лавлагаа авч, 43 иргэн гомдол ирүүлжээ. Тухайлбал Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, Богд сумын ерөнхий боловсролын сургууль, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн Автотээврийн төв, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хаяглагдсан иргэдийн годмол дийлэнх байна. Хурлын үеэр Цагдаагийн газрын дарга Я.Ганбат баярын өдрүүдэд гарсан хэрэг зөрчил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав.