Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай 2020” хөтөлбөрийн тэргүүлэх зорилгод хүн амын эмзэг хэсгийн зорилтот бүлэгт хандсан эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах зорилтууд тусгагдсан. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар “Нэг өрх-Нэг ажлын байр” аян 2017 оны 2 дугаар сараас эхний ээлжинд Арвайхээр суманд хэрэгжиж эхлээд байна.
Арвайхээр сумын 11 багаас амьжиргааны түвшин доогуур, хөдөлмөрийн насны гишүүд нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй 60 өрхийг сонгож, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, төрийн болон төрийн өмчит, хувийн хэвшлийн нийт 60 байгууллагад хувиарлан өгч тэдний дэмжлэгтэйгээр тухайн өрхүүдээс тус бүр нэг гишүүнийг ажлын байртай болгож, амьжиргааны түвшинг нь дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.