Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 21-ний өдрөөс эхлэн хөдөө орон нутагт ажилласан. Түүний албан томилолт 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт үргэлжлэв. Засгийн газрын тэргүүний ахалсан ажлын хэсэгт Ерөнхий сайдын зөвлөх Н.Төмөрхүү, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир болон яамдын асуудал хариуцсан газрын дарга нар багтаж ажилласан юм.
Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзаж, засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, Монгол улсын эдийн засаг, төсөв санхүүгийн талаар мэдээлэл өгч, цаашид хийх ажлынхаа тухай танилцуулан, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдний санал бодлыг сонслоо.
Иргэдийн зүгээс Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой арга хэмжээ авч, олон жил яригдаж байгаа дулааны станцыг барьж, ашиглалтад оруулах, Орхон голын бохирдолтой тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, мал сүргийг эрүүлжүүлэхэд онцгой анхаарч, махны үйлдвэрийг ашиглалтад оруулж, иргэдийг ажлын байраар хангах шаардлагатай байгааг Засгийн газрын тэргүүнд уламжиллаа.
Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Арвайхээр хотод дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулж, төсвийн тодотголоор махны үйлдвэрт дэмжлэг үзүүлэхээ амлав. Орхон голыг бохирдуулж байгаа Уул уурхайн компаниудын лицинзийг хүчингүй болгож, хариуцлагагүй ажилласан төрийн албан хаагчдад /байцаагчаас нь эхлэн сайдад нь хүртэл/ арга хэмжээ авч ажиллана гэлээ. Сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас үргэлжлэн орж, хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдууланулсын нөөцөөс 300 тонн өвсийг үнэ төлбөргүйгээр малчдад өгөх, 500 тонн тэжээлийг 50 хувийн үнийн хөнгөлөлтөөр олгохоор боллоо. Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд фургон автомашин олгож, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 22 нэр төрлийн 193 ширхэг тоног төхөөрөмжийг сумдын эрүүл мэндийн төвүүдэд өгөв.
Уулзалтын дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.