Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны 2 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталж, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.
Өнөөдөр /2017.03.28/ аймгийн Засаг дарга Г.Ганболд Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг аймгийн Цагдаагийн газрын дарга Я.Ганбатад гардуулж өгөв. Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг гардаж авсны дараагаар аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн шинээр тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд ёслолын үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Цагдаагийн албаны тухай шинэчлэн найруулсан хууль нь ард иргэдээсээ тавих хяналтыг нэмэгдүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд олон нийт, цагдаагийн албаны ажиллагааг ойртуулан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай, шийдвэр гаргах эрхийг тодорхой болгож, алба хаагчдын нийгэм, эрх зүйн баталгааг хангаж өгснөөрөө онцлог юм. Орон нутгийн төр захиргааны байгууллагын зүгээс ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийг чандлан биелүүлэхэд Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах болно” хэмээв.
Шинэ хуульд цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн 3 үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгаж, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулсан.
Мөн цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт нь Цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, орон нутаг дэвсгэрт цагдаагийн байгууллагын нэгж бүрэлдэхүүнээс бүрдсэн байхаар тогтсон.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа иргэдийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулах үүднээс цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэх үедээ иргэнд хүндэтгэлтэй хандаж, иргэд олон нийтийн дэмжлэгийг авах, итгэлийг хүлээхийг эрмэлзэх үүргийг энэ хуулиар хуульчилж өгсөн.Цагдаагийн алба хаагчид цагдаагийн дээд, дунд, бага цол олгохоор тусгаж, тэтгэвэр тогтоолгох насыг цолны байдлаас хамааруулан ялгавартай байхаар хуульд заасан нь өмнөх хуулиасаа онцог юм.