• Албан ёсны цахим хуудас
Газар тариалан эрхлэгчдийн орлогыг өсгөх, аймгийн брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилготой төсөл хэрэгжиж эхэллээ

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Хоккайдо мужийн Такикава хотын захиргаа, тус хотын гадаад харилцааны нийгэмлэг хамтран ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр  “Газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн агро бизнесийг хөгжүүлэх” төслийг Арвайхээр, Төгрөг, Тарагт сумдад энэ оноос хэрэгжүүлж эхэллээ.

Манай улсад төл сонгиныг үрслүүлж бөөрөнхий сонгино тариалдаг. Үүнийг хурааж авахад 2 жилийн  хугацаа зарцуулдаг бөгөөд тариалах явцад цэцэглэх магадлал 30 хувь байдаг байна. Цэцэглэнэ гэдэг нь шим тэжээлээ алдах гэсэн утгатай ажээ. Төслийн хүрээнд дээрх 3 суманд бөөрөнхий сонгиныг үрээр тариалах арга технологийг нэвтрүүлэх юм. Үрээр тариалсан бөөрөнхий сонгинын цэцэглэх магадалал 3-5 хувь байдаг бөгөөд энэхүү аргаар тариалсан  сонгиныг нэг жилийн дотор хурааж авдаг байна.  Түүнчлэн хүлэмжийг үр бүтээлтэй ашиглахын тулд үрлэн помудор огурци, амтат чинжүү, тарвас зэрэг нарийн ногоонуудыг тариалах юм.

Такикава хотын захиргааны Гадаад харилцааны хэлтсийн дарга Ямаүчи Ясүхирогоор ахлуулсан ажлын хэсэг 3 дугаар сарын 28–наас 4 дүгээр сарын 08-ныг хүртэл төсөл хэрэгжиж буй сумдад ажиллаж байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Ганболд дээрх ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзлаа.

Ямаүчи Ясүхирохэлэхдээ: Төсөл үр дүнтэй хэрэгжвэл Өвөрхангай аймагт хүнсний ногоо боловсруулах жижиг үйлдвэр оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Өвөрхангай аймаг баруун аймгуудыг хүнсний ногоогоор хангах тулгуур цэг болох боломжийг бий” гэлээ.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд: Сургалт, семинар гэхээс илүүтэй материаллаг тал дээр дэмжиж байгаад талархлаа илэрхийлээд төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төслийн явцтай байнга танилцан, дэмжиж ажиллахаа хэллээ. Төслийн үр дүн гарч эхэлбэл орон нутгаас хөрөнгө гаргаж 3 сумын тариалалтыг нэмэгдүүлж, бусад сумдыг хамруулахад анхаарч ажиллана. Зөвхөн аймгаа төдийгүй улс орны хэмжээнд сонгинын зах зээлийг хангахын төлөө идэвхитэй хамтран ажиллахаа хэллээ.

 

 

 

 

 

 

2017-03-31 00:41:00