• Албан ёсны цахим хуудас
Ахмад дайчин, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн, Өвөрхангай аймгийн Хүндэт иргэн М.Цэдэндоржид орон нутгаас нэг өрөө байр олгож, түлхүүрийг нь гардуулан өгөв

Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний хуримтлуулсан мэдлэг, туршлага, ур чадварыг хойч үеийнхэнд өвлүүлэх, нийгмийн амьдралд идэвхитэй оролцох боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгон зарласан.

Зорилтот жилийн хүрээнд ахмад дайчин, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн, Өвөрхангай аймгийн Хүндэт иргэн М.Цэдэндоржид орон нутгаас нэг өрөө байр олгож өнөөдөр /2017.04.09/ аймгийн Засаг дарга Г.Ганболд байрны түлхүүрийг М.Цэдэндоржгуайд гардуулан өгөв.

Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ: М.Цэдэндорж гуай эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататгаж хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж, орон нутгийн төр, захиргааны байгууллагад 40 гаруй жил хөдөлмөрлөж, улс, эх орон, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн учир орон нутгаас нэг өрөө байр олгож байна. “Ахмадаа дээдлэх жил”ийн хугацаанд гэр орон зайлшгүй шаардлагатай ахмадуудад гэр олгох, тэдний үр хүүхдүүдийг ажлын байраар хангахад онцгой анхаарч ажиллаж буйгаа хэллээ.

 

 

2017-04-09 13:14:26